Friday, October 14, 2011

САТО НОРИКО: Монголд цөмийн хаягдал булшилна гэж ярьсан бол Япончуудын өмнөөс би ичиж байна.

Японы Осака хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул Сато Нориког “Өнөөдөр”-ийн хойморт урилаа. Амьдралынхаа 20 гаруй жилийг монголчуудад зориулсан түүний хөдөлмөр зүтгэл, сэтгэлийг үнэлэхгүй байх аргагүй. Намуухан дуутай, даруухан энэ эмэгтэй байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл гээд олон салбарт ихийг бүтээсэн гавьяатай хүн.

-Монгол оронтой, монголчуудтай анх холбогдсон түүхээ дурсаач. Тэр үед та Монгол Улсын талаар хэр мэддэг, сонирхдог байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд би 1989 оныг хүртэл монголчуудын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тэр жил Японд Бивако нуурын байгаль хамгаалллын сэдвээр олон улсын чуулга уулзалт болсон юм. Тэр үед Байгал нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байлаа. Хуралд социалист орнуудын сэтгүүлч, яруу найрагч, зохиолчид урилгаар оролцож байсан. Тэдний дотроос Монголыг ганцаараа төлөөлж ирсэн сэтгүүлч нь Цэрэндоржийн Балдорж байв. Тэгэхэд анх монгол хүний царайг харж билээ.
-Та тухайн үед ямар ажил албатай хүн байсан юм бэ?
-“Байгаль, амьдрах орчны хоршоолол” нэртэй төрийн бус байгууллага ажиллуулдаг байлаа. Бидний хэрэглэж буй хоол хүнс, амьдрах орчин эрүүл, цэвэр байх ёстой гэдэг дээр 150 хүн санаа зорилго нэгдэн энэ хоршооллыг үүсгэн байгуулсан юм. Ц.Балдорж тэр үед Хөвсгөл нуурын талаар танилцуулахдаа “Манай Хөвсгөл нуур бол Байгал болон Бивако нууртай адил цэвэр тунгалаг устай, олон төрөл зүйлийн ургамал, ан амьтны өлгий болсон байгалийн үзэсгэлэнт газар байгаа юм. Энэ нуурыг хамгаалах асуудал өнөөдөр монголчуудын хувьд тун чухал бөгөөд дэлхийд ач холбогдолтой. Хөвсгөл нуурыг хамгаалах асуудалд олон улсын анхаарлыг хандуулах нь чухал байна. Иймд дараагийн чуулганыг Монголд, Хөвсгөл далайд зохион байгуулъя” гэсэн санал тавьж, уриалга гаргасан юм. Ингээд дараагийн хурлыг 1990 онд Хөвсгөлд зохион байгуулахаар болж байлаа.
-Тэгэхээр та анх Монголд 21 жилийн өмнө ирж байжээ. Яг ямар сэтгэгдэл төрж байв?
-Буянт-Ухаад буугаад онгоцноос гарахад л танай агаар үгээр хэлэх аргагүй, нэг тийм сайхан үнэртэй байж билээ. Тэнгэр нь хүртэл үнэхээр гайхалтай. Би буунгуутаа газар, шо роон дээр хэвтээд гүнзгий амьс галж, ёстой л бараг анх удаа цээжээ дүүртэл агаар “залгисан”. Хэт сайхан үнэрт нь болоод тэр үү цээж тэгэхэд өвдсөн юмдаг. Өвс ургамал, агь үнэртээд, бас онгоцны буудлын талбайд үхэр бэлчиж ч байх шиг. Үнэхээр сонин байсан. Тэгэхэд би “Ийм сайхан агаартай, цэвэр байгальтай газрын юуг нь хамгаалах гээд байгаа юм бол доо” гэж бодож байсныг яана. Манай багт АНУ-аас ирсэн нэг төлөөлөгч байсан. Тэр бас танай орны сайхныг, агаар, тэнгэрийнх нь цэлмэгийг гайхан магтаж, бахархаад л. Хөвсгөлд болсон хурлыг Бал маань маш сайн зохион байгуулсан. Бид долоохон хоногийн дотор Монголын говийг, уул уурхайн салбарын хөгжлийг харуулах “Эрдэнэт” үйлдвэрийг, Хөвсгөл далай, тэндхийн байгалийг үзэж амж сан. Тэр үед жуулчид ч бараг харагддаггүй байсан. Чухам яагаад Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал тийм чухал байгааг сүүлд нь сайн ойлгосон доо.
-1990-ээд он бол монголчуудын хувьд нэлээд хүнд жилүүд байсан шүү дээ.
-Яг үнэн. Дэлгүүрт нь ороход давснаас өөр юмгүй шахуу. Эмийн санд гэхэд аспиринаас өөр нэн шаардлагатай эм тариа байгаагүй. Чухам тэр үед л том газар нутагтай хэрнээ 1.8 сая хүн амтай Монгол Улсыг хөгжүүлэхэд япончууд тусалж чадах юм байна гэсэн бодол төрсөн. Хөвсгөлд болсон хурал дээр намайг үг хэл гэдэг юм байна. Тэгэхээр нь би хоршооллоо танилцуулаад, эрүүл мэнд, байгальд хоргүй саван өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэдэг тухайгаа ярилаа. Гэтэл хүмүүс маш их сонирхож, ийм саван яаж хийдгээ зааж өгөхийг хүссэн. Мэдээж тоног төхөөрөмж хэрэгтэй болохоор би дараа жил дахин ирж саван хийж үзүүлнэ гээд амлачихсан юм. Нутагтаа ирээд Монголын талаар ярьтал олон хүн дэмжиж нэгдсэн. Би Балдорж руу утасдаад “Японоос 170 хүн нэгдэж хамт очихоор боллоо. Ийм олон хүн хүлээж авах боломж байгаа юу” гэтэл “Болно оо, болно” гэж билээ. Тун шийдмэг, итгэлтэй хэлсэн энэ үг нь одоо ч чихэнд сонсогдож байна. Ингээд 1991 онд Монголд хоёр дахь удаагаа ирснээр миний амьдрал монголчуудтай нэгмөсөн холбогдсон доо.
Бид нэгэнт ирж байгаа болохоор янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн. Япон үндэсний хувцас танилцуулах кимоно шоу, япон хоолны амтлагаа, гутал хийх хялбар арга гээд олон арга хэмжээ багтаасан өдөрлөг зохион байгуулж билээ. Түүнчлэн 10 тонн угаалгын нунтаг, суудлын автомашин, хувцас бэлэглэсэн. Японд нэр хүндтэй Корода гэж эмч бас ирж, минамата өвчний талаар лекц уншсан юм. Үнэнийг хэлэхэд түүний яриаг монголчууд огт ойлгоогүй. Сүүлд бодоход түүний зөвлөгөө монголчуудад одоо л хэрэгтэй болоод байна. Мөн шүдний эмч нар ирж үзлэг хийж, эмчилсэн. Монголд шүдний өвчлөл асар их байсан болохоор эндээс улбаалаад “Энэрэл” шүдний эмнэлгийг байгуулсан түүхтэй. Ер нь энэ арга хэмжээний дараагаас олон төрлийн үйл ажиллагаа эхлүүлсэн дээ. Хөгжлийн бэрхшээлтэй 20 эмэгтэйг ажлын байраар хангах нэхмэлийн үйлдвэр байгуулж, угаалгын нунтаг, савангийн үйлдвэрийг бас хүлээлгэж өгсөн гээд тоочвол олон ажил бий. Эдгээрээс зам зуур алга болох нь болсон, үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл тогтвортой үргэлжилж байгаа нь ч байна.
-Монголын хүүхэд, залуусын боловсролыг дэмжих талаар нэлээд ажил хийснийг тань мэднэ. Өвөрхангай аймагт “Мэргэд” нэртэй дунд сургуулийг та байгуулсан байх аа?
-Энэ сургуульд 15 жилийн өмнө элсэж байсан хүүхдүүдийн зарим нь өнөөдөр төгсөөд оюутан болчихсон, зарим нь гадаадад сурч байгааг харах сайхан байдаг. Гэхдээ Монголын олон чадварлаг залуу гадаадад мэргэжил эзэмшээд нутагтаа ирж ажиллахгүй байгаа нь тоогүй. Хамгийн гол нь ажлын байр алга. Өвөрхангай аймгийн Засаг даргатай энэ асуудлаар уулзсан. Бид ирэх жилээс орон нутагт ажлын байр бий болгох талаар хамтарч ажиллахаар тохиролцоод байна. Энэ бол ганц Өвөрхангай аймагт хамаа тай асуудал биш. Орон нутгийг хөгжүүлэх ажлыг цаг алдалгүй өрнүүлж, төр, засаг нь залуусаа дэмжих тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Хотоос гадна хөдөөд хөгжил байж улс орон хөгжинө шүү дээ.
-Өнгөрсөн гуравдугаар сард болсон байгалийн гамшгаас япончууд асар их хохирол амслаа. Цунами болсон хотод одоо байдал ямархуу байна вэ?
-Намайг сая Монгол руу явах сургаар олон япон хүн монголчуудад маш их баярлаж, талархсаныг нь дамжуулж хэлээрэй гэж захисан. Аливаа тусламж хөрөнгө мөнгөний хэмжээндээ гол нь биш. Хамгийн гол нь гамшиг болсон тэр өдөр Монголын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, тусламжийн хөдөлгөөн өрнүүлсэн. Монголчууд дулаан хөнжил, нэг өдрийн цалингаа хүртэл бидэнд хандивласан. Энэ бүхэнд япончууд чин сэтгэлээсээ талархсаныг хүлээн авна уу. Гамшиг болсон газар байдал одоо хүртэл хүнд байгаа. Атомын цахилгаан станц дэлбэрснээс болж өнөөдрийг хүр тэл гэртээ харьж чадаагүй олон гэр бүл байна. Тэд одоо гэртээ ганцхан цаг ороод гарах эрхтэй. Зориулалтын хувцас, баг өмсөөд орж байгааг та бүхэн телевизээр харсан байх. Чөлөөтэй амьсгалах, гэр орондоо тав тухтай амьдрах эрхгүй болно гэдэг үнэхээр аймшигтай зүйл юм.
-Монгол Улс хурдтай хөгжлийнхөө гараан дээр ирлээ. Ашигт малтмалын асар их баялагтай Монгол өнөөдөр дэлхийн анхаарлын төвд ороод байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
-Мэдээж энэ их баялгийг ашиглах хэрэгтэй. Харин бусдын гашуун түүхийг бүү давтаасай. Япон улс дайны дараа эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг бий болгосон. Гэхдээ үүний хирээр байгаль орчин, экосистем бүхэлдээ сүйрсэн гэхэд болно. Японы ард түмэн мөнгөн усаар хордож Минамата өвчинд нэрвэгдсэн. Агаарын бохирдлоос олон сая хүн өвчилж хохирлоо. Энэ бүх зовлонг даван туулахын тулд, цэвэр орчныг бүрдүүлэхийн тулд япончууд асар их хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан. Тэгэхээр уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ ард түмнийхээ эрүүл мэнд, бай галь орчноо хамгаалах талд анхнаас нь хатуу бодлого барих нь чухал. Гаднын хөрөнгө оруулагчдад тавих шаардлага, стандартаа маш тодорхой болгох хэрэгтэй. Уурхайн хаалтын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн стандарт гээд байгаль хамгаалахтай холбоотой бүх л дүрэм журмыг чанд баримтлах тал дээр хатуу шаардлага тавьж ажиллавал ямар ч гаднын хөрөнгө оруулагч дагаж мөрдөнө шүү дээ. Энэ бол Японы туршлага.
-Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах асуудлаар Япон болон Монголын төр, засгийн тэргүүнүүд нууц хэлэлцээ хийсэн талаар яриа гараад удаж байна. Хэдий гээр албан ёсоор батлагдаагүй ч ийм яриа гарсан нь үнэн болоод байгаа. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Ийм яриа албан бус байдлаар болсон гэж сонссон. Хэрвээ Япон, Монголын хооронд үнэхээр энэ асуудал хөндөгдсөн бол би Монгол Улсын Өргөмжит консул болоод хувь хүнийхээ хувьд ичиж байна. Манай хоёр улсын хооронд олон салбар, чиглэлээр хамтын ажиллагаатай байж болно. Гагцхүү цөмийн хаягдал булшлах тал дээр л биш юм шүү. Дэлхийн өв соёлын амьд түүх болсон, байгалийн үзэс гэлэн бүрдсэн энэ газар нутгийг хог хаягдлын хогийн сав болгож болно гэж үү.
-Ингэхэд та Өргөмжит консулаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Ийм нэр хүндтэй ажил хийгээд 14 жил болчихож. Өнөөдөр Япон, Монголын хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Цаашид бүр нэмэгдэх нь гарцаагүй. Үүнтэй холбоотойгоор Өргөмжит биш, Ерөнхий консулыг Осакад ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Уг нь би Монгол Улсын ГХЯ-нд энэ хүсэлтээ тавьсан. Хэрвээ Ерөнхий консулыг хурдхан томилчихвол илүү өргөн хүрээтэй ажиллах олон боломж нээгдэх ач холбогдолтой. Шинэ хүнд би мэдэх, чадах бүхнээрээ тусалж, дэмжинэ. Танай сониноор дамжуулж Монголын ард түмэнд үргэлж талархаж явдгаа хэлэхийг хүсэж байна.

No comments:

Post a Comment